Номын тэмдэглэл : THE McKINSEY WAY / МкКИНЗЕЙН АРГА
1926 онд Жэймс О’МкКинзей бизнесийн байгууллагуудад санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр МкКинзей компаниа байгуулж байсан нь өнөөдөр дэлхийн зөвлөх үйлчилгээний салбарын хамгийн олон жилийн туршлагатай, хамгийн үнэ цэнэтэй, хамгийн том компанийн эхлэл болсон байна.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй бизнесийн сургуулийн хамгийн өндөр оноотой төгсөгчид МкКинзейд орохоор хамгийн түрүүнд ханддаг. Тэр ч байтугай МкКинзейд ажилд ороход шаардлагатай мэдлэг ур чадварыг олгодог сургалтууд ч хүртэл байдаг.
МкКинзей дэлхийн хамгийн том менежментийн зөвлөх 3 компани буюу McKinsey, Boston Consulting Group, Bain and Company (MBB) жагсаалтын 1-рт бичигддэг.
Тэгвэл энэ нэр хүнд, олон жилийн амжилттай туршлагын нууц нь юундаа байна вэ?
МкКинзей компанид шинжээчээр ажиллаж байсан Ethan Rasial компанид ажиллаж байх хугацаандаа суралцсан арга барил, бизнесийн аливаа асуудлыг МкКинзейчүүд хэрхэн шийдвэрлэдэг, ямар арга барилаар ажилладаг тухай энэхүү номонд бичсэн байна.
Тэрээр энэ номоо бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд, Зөвлөхүүд болон өөрийн бизнесийн асуудлыг шийдвэрлэх арга барилыг суралцахыг хүсч байгаа бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зориулан бичсэн байна.
Номын нэр : THE McKINSEY WAY Using the Techniques of the World’s Top Strategic Consultants to Help You and Your Business/ МкКИНЗЕЙН АРГА Дэлхийн хамгийн шилдэг стратегийн зөвлөхүүдийн ашигладаг аргачлалыг ашиглан бизнесийн асуудлыг шийдвэрлэх нь
Зохиогч : Ethan M.Rasiel
Анхны хэвлэл : 1999
Хуудасны тоо : 185
Энэ ном үндсэн 5 хэсэгтэй :
1. Бизнесийн асуудлыг МкКинзей аргаар ойлгох нь
2. Бизнесийн асуудлыг МкКинзейн аргаар шийдвэрлэх нь
3. МкКинзейн аргаар асуудлын шийдлийг борлуулах нь
4. МкКинзейд амжилттай ажиллах
5. МкКинзейгээс гарсны дараах амьдрал
МкКинзей бол асуудлын шийдлийг олохын тулд байдаг байгууллага. МкКинзейд амжилттай ажиллаж байгаа Зөвлөхүүд асуудлын шийдлийг, бодлогын хариуг хайж олохдоо гарамгай, мөн дуртай хүмүүс байдаг. Номын эхний хэсэг МкКинзейд бизнесийн асуудлыг ямар байдлаар шинжилдэг, ойлгодог тухай яригддаг.
МкКинзейд 3-ын тоог шидэт тоо гэж үздэг. Бүх зүйл 3 зүйлээс бүтдэг.МкКинзейн ямар нэг Зөвлөхөөс түвэгтэй асуулт асуувал “Үүнд 3 шалтгаан бий” гэж хариулж эхлэнэ.
Яг энэ онолын дагуу Бизнесийн асуудлын шийдэл нь дараах 3 шинж чанартай байх ёстой гэж үздэг :
- Баримтанд суурилсан
- Нарийн бүтэцтэй
- Тодорхой таамаг дэвшүүлсэн
Ямар ч төсөл баримт судалгаанаас эхлэдэг. Төслийг хүлээн авсан эхний өдөр багийн бүх гишүүд тухайн асуудалтай холбоотой бүх нийтлэл, тэмдэглэл, өмнөх ижил төстэй төслүүд гэх мэт асар их мэдээлэл дунд судалгаа хийж, эхний багийн уулзалтандаа бэлддэг. Учир нь баримтанд суурилсан мэдээлэл, судалгаа нь мэдлэгийн зөрүүг нөхдөг. МкКинзейн шинэ төслийн ажилтан, 20 гаруй настай, TOP бизнесийн сургуулийн Мастер зэрэгтэй ч гэсэн олон жилийн туршлагатай, том компанийн Гүйцэтгэх захиралд ажлаа танилцуулах шаардлага гардаг. Энэ үед баримтанд суурилсан мэдээлэл, судалгаа л түүнийг аварч гарна.
MECE буюу Mutually exclusive, collectively exhaustive гэдэг нь МкКинзейд бизнесийн асуудлыг шийдвэрлэх процесст баримтлах чухал зарчим байдаг. МкКинзейд шинээр орсон ажилтан бүрийн анхны цээжилдэг үг, МкКинзейн ажилтан бүрийн хийж байгаа ажил, имэйл, презентаци, бичиг баримтууд MECE байх ёстой гэж үздэг. Энэ нь асуудлын шийдэл нь хамгийн боломжит байдлаараа тодорхой ба бүрэн бүтэцлэгдсэн байхыг илэрхийлдэг байна.
Анхны таамаглал нь асуудлыг шийдвэрлэх урт хугацааны төслийн газрын зураг болдог, гэхдээ таамаглал бүрийг судалж, баримттайгаар зөв эсвэл буруу болохыг нотлох ёстой. Хэрэв зөв таамаглал дэвшүүлсэн бол мэдээж ажлыг хөнгөвчилж чадна.
Тухайн төсөл дээр ажиллаж байгаа багийн хамгийн анхны уулзалт дээр тэдний гаргах шийдэл нь дээрх гурван шаардлагыг хангах ёстой гэдгийг хүн бүр мэддэг.
Асуудлыг шийдвэрлэх явцдаа олон төрлийн арга техникийг ашигладаг тухай дурдагддаг ба түүний нэг нь Цахилгаан шатны тест / Elevator test юм. Энэ нь тухайн бизнесийн асуудлыг судалж, түүнийг шийдвэрлэхээр боловсруулсан шийдлээ харилцагчдаа 30-хан секундын дотор танилцуулах вэ гэдэг аргачлал юм. 6 сарын турш ажилласан төслийг 30-хан секундэд хэрхэн танилцуулах вэ? Юуны түрүүд шийдвэрлэх асуудлаа тодорхой гаргах, дараа нь түүнийг хэрхэн шийдвэрлэх шийдлүүд ба түүнд шаардлагатай төсөв. Маш олон шийдэл боловсруулсан бол хамгийн үр дүнтэй байх магадлалтай 3-г нь танилцуул.
Номын 2-р хэсэгт МкКинзей компанийн асуудлыг шийдвэрлэх загварын тухай танилцуулах ба төслийн эхлэлээс авахуулаад баг бүрдүүлэлт, судалгаа хийх, brainstorming хийж шийдэл боловсруулах гэх мэт бүхий л дарааллын дагуу бичсэн байна. Энэ хэсгийн гол зорилго нь уншигчид МкКинзейн нэгэн төсөлд оролцож, бодит байдалд хэрхэн ажилладаг тухай төсөөлөл өгөх юм.
МкКинзейд аливаа төсөл дээр хэзээ ч нэг хүн ажилладаггүй. Бүх ажил багаар хийгддэг. Дор хаяж төслийн менежер ба төслийн ажилтан гэсэн хоёр хүнээс баг бүрддэг. Ажилд орсон шинэ хүн бүр Төслийн ажилтнаас гараагаа эхлүүлдэг ба Төслийн менежер ямар нэг төсөл дээр ажиллахдаа Төслийн ажилтнууд дундаас өөрөө сонгож багаа бүрдүүлдэг. Тийм учраас Төслийн ажилтнуудын хувьд сонгогдсон төсөл дээрээ үр дүнтэй ажиллаж, төсөлдөө өөрийн хувь нэмрээ оруулах нь дараа дараагийн төсөлд ажиллах баталгаа болдог. Харин хэд хэдэн төсөл нь бүтэлгүйтсэн Төслийн ажилтны хувьд карьер дуусаа л гэсэн үг.
Харилцагчийн бизнес дахь асуудлыг судлах хамгийн үр дүнтэй арга нь ярилцлагын арга гэж үздэг. Харилцагчийн төлөөлөлтэй ярилцлага хийснээр МкКинзей зөвлөхүүд харилцагчтайгаа мэдлэгийн болон туршлагын зөрүүгээ нөхөж чаддаг.
Хангалттай хугацаанд судалж, боловсруулсан шийдлээ харилцагчид борлуулах буюу тэдэнд танилцуулах, итгэл үнэмшлийг төрүүлэх нь сүүлийн чухал алхам гэж үздэг. Харилцагчтай харилцах гол хэрэгсэл нь презентаци, илтгэл байдаг. Презентаци логик дараалалтай, ойлгомжтой бүтэцлэгдсэн байх ёстой. Төслийн эцсийн үр дүнг танилцуулах презентаци харилцагчийн төлөөллүүдийн хувьд цоо шинэ, гэнэтийн бэлэг хэзээ ч байж болохгүй. Бүх тоо баримт, шийдлүүд холбогдох ажилтнуудтай урьдчилан ярилцаж, танилцуулсан байх ёстой. Тэгээгүй тохиолдолд хурлын үеэр хэн нэгэн албан тушаалтны эрх ашиг, ажлын үр дүнд нөлөөлсөн дүгнэлтүүдээс болж төслийн хамгийн чухал хэсэг болох эцсийн шийдэл анхаарлын төвөөс гарч, шинэхэн гэнэтийн бэлгэн дээр хүмүүсийн анхаарал төвлөрөх болно.
Энэмэтчилэн төслийг эхлэхээс авахуулаад сүүлийн үр дүнгээ танилцуулах уулзалт хүртэл ямар зарчмаар ажилладаг тухай зохиогч номонд бичсэн байгаагаас гадна МкКинзейд хэрхэн амжилттай ажиллах уу хэсэгт зөвхөн МкКинзей ч биш томоохон корпорацид карьераа хэрхэн амжилттай бүтээх, ажил амьдралын балансаа хэрхэн зөв зохион байгуулах тухай зөвлөгөөнүүдийг бичсэн байна.
Бизнесийн зөвлөхүүд болон бизнес эрхлэгч бүх хүмүүст бизнесийн аливаа асуудлыг зөв тодорхойлж, тодорхой судалгаа, баримтанд суурилсан мэдээлэл дээр үндэслэн зөв шийдлүүдийг тодорхойлох, шийдлүүдийг тестэлж, асуудлаа шийдвэрлэх МкКинзейгийн 90 гаруй жилийн туршлаганд суурилсан арга барилыг энэ ном өгөх болно.